2018 оны 11 -р сарын 21. Пүрэв 02:32
Хөлбөмгийн дэлхийн аварга эхлэхэд 9 хоног үлдлээ     |     Тарган малын мах тахианы махнаас ч хямд     |     УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ     |    
Нүүр / Бизнес

Та 180 мянган төгрөгөөр АСТАНА-д хүрч чадна...

Танд яг 180 мянган төгрөг байхад таван өдрийн дараа 3369 километрийн алсад байгаа Астана хотод хүрч чадна. Гэхдээ энэ хооронд өөр ямар ч зардал гаргахгүй бол шүү дээ. Монгол улсын иргэн 90 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй Казахстан улс руу “57 секундийн зорилго” өвөртлөн явсан аяллын тэмдэглэлийн эхний хэсгийг хүргэж байна.

Ердөө 20 жилийн өмнө бараг хүн мэддэггүй байсан Акмола хот өнөөдөр дэлхийн хамгийн хүйтэн нийслэл жагсаалтын хоёрдугаарт жагсаж, төв Азийн Дубай болохоор зүтгэж байна.

1994 онд Казахстаны дээд шүүхээс нийслэл Алматы хотыг шилжүүлэх шийдвэр гаргаж, 1997 онд Акмола хотыг албан ёсоор нийслэл гэж үзэх болжээ. Ингээд хагас жилийн дараа Астана буюу Казахаар “Нийслэл хот” гэсэн нэрийг Казахстаны анхны бөгөөд цорын ганц ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хайрласан түүхтэй.

Энэ жил Астана хотод Экспо-2017 зохиогдоно. Зургадугаар сарын 10-ны өдрөөс есдүгээр сарын 10-ны өдрийг хүртэл гурван сарын хугацаанд үргэлжлэх экспогийн үндсэн сэдэв нь “Эрчим хүчний ирээдүй”.

Улаанбаатараас Астана хүрэх хоёр арга бий. Хот болон улс хоорондын тээврээр нийт 4-5 өдөр зарцуулж очих /зардал багатай/, эсвэл ОХУ-аар дамжин галт тэргээр мөн ойролцоо хугацаа зарцуулан очиж болно.

Экспогийн үеэр Казахстанд таван сая жуулчин ирнэ гэж тооцсон. Улаанбаатараас шууд нислэгтэй болж магадгүй болохоор зун гэхэд танд дахиад нэг сонголт нэмэгдэж болох юм.

Бидний маршрут:

Улаанбаатар-Баян-Өлгий-Астана...

Өнгөрсөн дөрөвдүгээр сард анх Улаанбаатараас хөдлөхөд Наурызын баярын хямдрал таарсан учраас эндээс шууд Баян-Өлгий нисэх тийз худалдан авсан юм. Бараг 20 хоногийн өмнө авсан болохоор Хүннү Эйрийн буцаах, солих боломжгүй хатуу нөхцөлтэй хамгийн хямд тийз нь 149 500 төгрөг байв.

1 | 2 фото

Дөрөвдүгээр сарын 13-ны өглөө 07:00 цагт Улаанбаатараас нисэж, Баян-Өлгийн цагаар 09:00 цагийн үед буюу гурван цагийн дараа Монголын баруун хязгаарт газардана. Эндээс Астана орох автобус, хувийн унаа өдөр бүр явдаг. Баян-Өлгийн Турк зоогийн газарт хооллоод 12:00 цагийн үед Benz Sprinter загварын автобусаар Астанагийн зүг хөдөллөө.

Гурван цаг орчим давхиад Цагаан нуур боомтын наана ирж, Улаан байшин хэмээх газарт үдийн цай уудаг аж. Хотоос ирээд удаагүй болохоор сүү багатай цай, давсгүй бууз нь нэг л сэтгэлд нийцэхгүй.

Астана орох бидний унаа...

Монголын хилээр гарахад ямар нэгэн асуудал бараг байхгүй, машинд яваа хүмүүсийн тоог аваад, гадаад паспортыг нь шалгаад цааш нэвтрүүлнэ. Харин Оросын хилээр ороход машин доторх бүх ачааг буулгаад, тоолоод, нэгжээд, үнэрлээд тэгээд бас дахиад баахан ярилцаж байгаад нэвтрүүлдэг аж.

Бидний дроныг хилээр оруулахгүй гээд бөөн асуудал үүслээ. Зөвхөн миний дроноос болж бид  хоёр цаг орчим саатсан. Гол шалтгаан нь Оросын нутаг дэвсгэрт дрон ашиглахын тулд заавал албан ёсны дрон нисгэгчийн үнэмлэх, дроны бичиг баримт шаарддаг аж.

Ингээд Монголд бичиг баримттай болгох ажил дөнгөж эхэлж байгаа, би заавал авч явах ёстой гэж хэлээд ч нэмэр болсонгүй. Дээрээс нь орос хэл мэдэхгүй болохоор замын хүмүүсээр орчуулга хийлгээд дунд нь үл ойлголцол үүсээд, хилийн ажилтнууд огт нүүр өгөхгүй байв.

Тиймээс заавал өөрөө тайлбарлаж ярих хэрэгтэй учраас Англи хэлтэй хүн байгаа эсэхийг асуулгаж, хүлээж зогссоор нэг өндөр залуу ирж надтай ярилцлаа. Танай улсаар дамжин өнгөрөөд Казахстан руу явж байгаа, дахиж ийм боломж надад олдохгүй ч байж магадгүй, Орос улсын нутаг дэвсгэр дээр хууль дүрмийг ягштал дагана гэж ам тангараг өргөж, арайхийж хил гарав.

Оросын хилээр дөнгөж гараад Алтайн нуруу дагасан байгалийн сайхныг биширнэ. Сүрлэг өндөр уулстай энэ нутаг ердөө 100 гаруйхан жилийн өмнө Монголын хилийн дотор байжээ. Харин одоо бид ганц дрон авч гарах гэж хоёр цаг хүлээх жишээтэй...

Бидний автобус оройн 18:00 цагийн үед Оросын хилээр орж, шөнөжин давхисаар маргааш өдөр нь Казахстаны хилийн наана ирэв. Дахиад л Оросын хил. Оросын хилээр гарахын тулд өмнөх машинуудаа хүлээж, арын машинуудыг урдуураа оруулсаар бараг гурван цаг сул зогслоо.

Удаан хүлээсний эцэст хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт ороод дахиад л бүх ачаа, бараагаа буулгаж өөрсдөө бууж, суусаар цаг гаруйн дараа хилээр гарав. Ер нь Оросын хил их төвэгтэй.

Нөхөрлөл цайны газар...

Харин Казахстаны хилээр ороход паспортоо шалгуулж, таван өдрийн дотор бүртгүүлээрэй гэсэн үг сонсоод цааш хөдлөв. Хилээр удахгүй гарчих байх гэж найдсан, өглөөнөөс хойш юм идээгүй улс дөнгөж Казахстаны нутагт орж ирээд “Нөхөрлөл” гэдэг цайны газарт орлоо.

Хилийн хажууд учраас хүн ихтэй, хоол нь ч үнэтэй. Ингээд орой 21:00 цагийн орчимд шууд Астана руу хөдөллөө. Зарим жолооч Баян-Өлгийгөөс Астана хүртэлх замыг 27-30 цагийн хооронд туулдаг бол бидний суусан автобусны жолооч яг сайхан 48 цаг явж, шинэ нийслэлд хүрсэн юм.

Астанагийн төв вокзал...

Астанад ирээд автобус биднийг хотын төв Вокзал дээр буулгалаа. Эргэн тойронд цайны газар, зочид буудал. Баян-Өлгийгөөс хамт ирсэн хүмүүс таньдаг хүн байгаа юу, хаана байрлах вэ гээд асууж байна. Бид хоёр ч зочид буудал олоод орчихно санаа зоволтгүй гээд яваад өгөв.

Вокзалаас холгүйхэн нэг зочид буудалд ороод үнийг нь асуутал 4000 тенге буюу 30 мянган төгрөг гэж байна. Ашгүй хямд буудал оллоо гээд орсон, харин өдрийн буудалд яваад орчихсон.

Дээрээс нь таван ортой өрөө рүү буудлын эзэгтэй бид хоёрыг оруулчихлаа. За яг нийтийн өрөөнд нь орчихлоо, өрөөгөө солиулъя гэх гээд гэрээсээ авсан Орос ярианы номоо бариад үзэж тарав.

Гэм нь буудлын ажилтан, бид хоёр яг таарсан амьтад байгаад огтхон ч ойлголцож чадсангүй. Гар хуруугаа оролцуулаад ч нэмэр алга. За ер нь дараагийн 10 хоног яажшуухан хүмүүстэй ойлголцох юм болдоо гэж өөртөө эргэлзэж эхэллээ.

Арай гэж нэг бяцхан англи хэлтэй хүн олоод “Биднийг таван ортой өрөөнд оруулчихжээ, өөр хүн нэмэгдэхгүй биз дээ” гээд асуулгатал, үгүй гэж байна. За ашгүй нэг орон дээр нь цүнхээ, нөгөө орон дээр камераа гээд маяглаж байтал орой 11 цагийн үед “Та хоёр гарах боллоо” гэлээ.

Ингээд хүмүүс цагаар өрөө авч ордог, зочид буудалд бид 12 цагийн мөнгө төлөөд орсноо ойлголоо. Гараад хаашаа ч очих юм билээ, маргааш хүртэл байя гээд мөнгийг нэмж төлөхөөр болов.

Бидний оролцохоорзорьж ирсэн үйл явдал пүрэв гарагт болох байсан бөгөөд даваа гарагт Астанагаас галт тэргэнд суухаар төлөвлөж, зочид буудалдаа гурав хонох мөнгө нэмж төлсөн юм. Хононо гэхээр буудлынхан бараг гайхаад л. Даанч инээгээд байсан, нөхдүүд биднийг аялагч гэж бодоогүй байх.

Бямба гарагийн өглөө ирсэн хоёр усанд орж, унтаж амраад маргааш нь Астанаг үзэхээр гарлаа. Орой нар хэвийхээр дрон нисгэж, зураг авч байгаад ирье гээд хамаг юмаа авсан юм. Гэтэл юун дрон нисэх, энд шувуу нь ч бараг чигээрээ нисэж чадахааргүй салхитай байдаг аж.

Заримдаа бүр их салхитай болохоор шувуу нь агаартаа тогтоод л. Хэдэн зураг дарж явсаар, өчигдөрхөн нээлтээ хийсэн “Fast Furious”-ийн наймдугаар ангийг үзэхээр кино театрт оров. Нэг тасалбар нь 1500 тенге буюу 11000 төгрөг.

Үнэ нь манайхтай ойролцоо  ч хамгийн хямд попкорн нь 1000 тенге. Замд гарахаас өмнө кино үзээдявъя гэтэл орос дуу оруулгатайгаар үзэв. Орос хэлгүй хоёр нөхөр “Привет Дом, Да Хоббс” гэдэг үгнээс өөрийг нь ойлгохгүй болохоор бие биенээ шоолж инээж, дуу оруулсаар байгаад таарав.

Хэрвээ Орос хэлгүй бол энд кино үзэх хэрэггүй, үйл явдлыг нь харсаар таарна. Нэг иймэрхүү бүтэлтэй, бүтэлгүй байдлаар дөрөвдүгээр сарын 20-ны өдөр болох, ОНЦГОЙ үйл явдлыг үзэх зорилготой гарсан бидний аялал эхэлсэн юм.

1. Астанагийн хамгийн өндөр барилгуудын нэг "Ялалт" | 11 фото

Дээрх гурван өдрийн хугацаанд нийт хэчнээн төгрөг зарцуулсан болохыг доор сийрүүлэв.

Нэг хүний зардал:

  • Улаанбаатар-Баян-Өлгий онгоц: 149500 төгрөг
  • Баян-Өлгий-Астана автобус: 100000 төгрөг
  • Оросын нутагт замын хоол: 10000 төгрөг
  • Казахстаны хилээр орж ирээд цайны газарт: 10000 төгрөг
  • Зочид буудал нэг хоног: 60000 төгрөг
  • Гар утасны дугаар, нэгж: 35000 төгрөг
  • Кино, попкорн, KFC: 21000 төгрөг
  • Замын зардал: 249500 төгрөг /хоёр өдөр хэмнэсэн/
  • Нийт зардал: 385500 төгрөг

Жич: Энд ирээд тав хоногийн дотор бүртгүүлэх ёстой. Амралтын өдрөөр ирсэн болохоор Даваа гарагийн өглөө иргэний бүртгэл орж өөрсдөө бүртгүүлсэн.

Вокзал дээр бүртгэл хийж өгнө гэсэн хүмүүс 2000-3000 тенге буюу ойролцоогоор 15000-25000₮-өөр хийлгэдэг. Өөрсдөө зав гаргаад, вокзалаас автобусны 90 тенге /700 төгрөг/ зарлагадаад үнэгүй бүртгүүлж болно. Өдөртөө л шийдээд өгдөг юм билээ.

Жичийн жич: Вокзалаас 10 дугаартай автобусанд суугаад, зургаан буудал яваад, БТА банк гэдэг газар буухаар замын эсрэг талд "Иргэний бүртгэл, цагаачлалын алба" гэсэн газар бий...

Сэтгэгдлүүд
Otgoo (2018-07-21 )

Ymr goe yum beeee zaabal ochnooo

Otgoo (2018-07-21 )

Ymr goe yum beeee zaabal ochnooo

Буцах